Мэлхий хадны домог
Хан хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт Улаанбаатараас 65кмт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нэн сонин тогтоцтой мэлхийн хэлбэртэй Мэлхий хад хэмээх өндөр цохио байдаг юм. Энэ цохиог эртний үеэс Мөнгөт цохио, Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.
Зуун модны тулалдаанд Зүүн гар (Ойрд монгол)-ын Галданбошигт хаан
Манжид ихээхэн хохирол учруулсан боловч хүч тэнцвэргүй тулалдаанд ихээхэн
хохирол амсан бүслэлтээс гаран зугтаж, Мэлхий хадны орчим үлдсэн хүчээ
бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун
тийш зугтах бэлтгэлээ базааж, авч явсан тэмээ тэмээ мөнгөө Мэлхий хадны орой
дээр гаран хавцалруу хийж орхиод явах болоход Манжаас өгсөн хатан нь алт,
мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш мэлхий
хадыг Их хааны мөнгийг хадгалж байгаа хэмээн хүндэтгэж “Мөнгөт цохио, Мөнгөт
хад” гэж нэрлэдэг байжээ.
Их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан Мөнгөт цохиог үеэс үед
хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа өгөхийг даатгаж,
хурайлж баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлж ирсэн гэж хөгшид ярьдаг
юм. Галданбошигт хаан баруун тийш явж Мэлхий хадны хойдох уулаар давж явахад
дуулга нь наранд гялалзан ид, шидтэй мэт харагдсан тул тэр давааг гялалзах гэж
нэрлэх болжээ. Одоо ч гэсэн гялалзах хэмээн нэрлэдэг юм. Уулын орой дээр гарч ихэд
хилэгнэн уурлаж, мориноосоо буун сэлмээ сугалан дэвхэрж , Халх, өвөрлөгчдийн
ноёд Хамаг Монголын төлөө хамтдаа тэмцэхгүй харийн дайсантай үгсэн хуйвалдаж,
эх орноосоо урвалаа хэмээн газар цавчжээ. Уулын орой дээр тэгш газар байх
бөгөөд түүнийг үүнээс хойш өдийг хүртэл нутгийн ардууд “Дэвхэргэ” хэмээн
нэрийдэх болжээ.
Монголын ард түмэн эх оронч баатарлаг хөвгүүдээ эх
орныхоо газар шороотой холбон домоглож тэдний алдар гавъяаг үеийн үед ам
дамжуулан ярьж үлдээдэг юм. Энэ нь эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, газар
шорооныхоо төлөө, тусгаар тогнолын төлөө тэмцэх эх уриа дуудлага болсоор ирсэн
юм.
“Буурал дээдсийн нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн
Галдан хааны гэрээслэл өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Үе үеийн эх
орончдын халуун амь бүлээн цусаар олдсон асар их үнэтэй тусгаар тогтнолоо
нандигнан хайрлаж явах нь залуусын эрхэм нандин үүрэг юм.
Их хааны үлдээсэн мөнгийг авах гэж олон удаа оролдоод
дийлээгүй гэдэг. Өвөл үхэр алаад нойтон гуяыг сураар оосорлоод хавцлын ёроолд
буй мөнгөн дээр тавиад дээш татахад мөнгө гуянд наалдан хавцлын аман дээр ирээд
шар шар хийн доош уначихдаг байжээ. Их хааны мөнгө одоо ч хадгалагдсаар байгаа,
түүнийг авах гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтдэг байсан хэмээн домоглон ярилцдаг
юм.
Их хааныхаа мөнгө, алт эрдэнэсээ сахин мөнхөд нойрссон хатан нь “Хүүхэн уул”
болон Монгол орны эх сайхан байгалийг чимэн сүндэрлэсээр байдаг гэж ярилцдаг.
Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж
буй эмэгтэй хүний дүр бүхий уул байх бөгөөд түүнийг Хүүхэн уул гэж нэрлэдэг юм.
Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй бөгөөд хад чулууг нь ч
хөндөж болдоггүй ихэд догшин уул гэх бөгөөд эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг юм.
No comments:
Post a Comment